Улс төрийн тойм сонин болон http://dailynews.mn/i/3411 сайтад гарсан манай УЗ-ийн гишүүн, судлаач А.Мөнхцогийн ярилцлага.

tsod-Өнгөрсөн оны дунд үеэс гол нэр төрлийн эрдэс бүтээгдэхүүний үнэ өссөн. Тэгвэл энэ онд уг үнийн өсөлт хадгалагдах магадлал өндөр байгааг судлаачид хэлж байна. Таны хувьд нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ?

-Монгол улсын экспортын уул уурхайн гол эрдэс бүтээдэхүүний үнэ уналттай явж байгаад өнгөрсөн оны сүүлийн хагаст өсөх хандлагатай боллоо. Олон улсын томоохон судалгааны байгууллагууд уул уурхайн түүхий эдийн үнийн цаашдын хандлагыг огцом унахгүй байх гэж таамаглаж байна. Бидний зүгээс харж байгаагаар, мөн олон улсын томоохон судалгааны байгууллагуудын дүгнэлтүүдтэй харьцуулж, тэдгээрийн үндэслэлийг харьцуулан судлаж үзэхэд ерөнхийдөө гол түүхий эдийн үнийн хэлбэлзэл ойрын ирээдүйд өндөр савалгаагүй байх болов уу гэсэн хүлээлттэй байгаа.

Сэдвээ хөрөнгийн зах зээл рүү чиглүүлье. Манайд хөрөнгийн зах зээлийн хөгжлийн түвшин ямар байна?

-Ерөнхийдөө манай хөрөнгийн зах зээл дээр зарагдах, худалдах авах бараа байхгүй гэж хэлж болохоор байна. Гэхдээ гадны томоохон хөрөнгө оруулалтыг татахын тулд энэ зах зээлийг хөгжүүлэхээс өөр гарц байхгүй. Өнөөгийн байдлаар манай хөрөнгийн зах зээлд юу байгаа талаар ярья. Манай зах зээлд хувьцаа, бонд гэсэн хоёр л бүтээгдэхүүн байна. Хөрөнгийн биржид 300 орчим компани бүртгэлтэй байна. Эдгээр хувьцаат компанийг хэн эзэмшиж байна вэ гэсэн судалгааг сар бүр гаргадаг. Эндээс харахад нийт хувьцаат компаниудын хувьцааны 90 хувь нь цөөхөн хэдэн хүний гарт орсон байдаг. Манай хөрөнгийн бирж дээр АПУ, Говь зэрэг томоохон компаниудын хувьцаа арилжааны идэвхиэр бусад хувьцаат компаниудаас өндөр байдаг. Гэтэл “АПУ” ХХ-ийн хувьцааны 92 хувийг гуравхан хүн эзэмшиж байх жишээтэй. Үлдсэн 8 орчим хувь нь 3600 орчим хүний эзэмшилд байгаа юм. Хязгаарлагдмал хүрээлэлд арилжаа явагдаж байна. Арилжааных нь хэмжээ гэхээр нэг компанийн 500 төгрөгийн үнэтэй таван ширхэг хувьцаа арилжигдаж байх жишээтэй. Энэ нь 2500 төгрөг гэсэн үг шүү дээ. Хувьцаа нь хэт төвлөрсөн, дээрээс нь арилжааных нь хэмжээ бага, хувьцааны ханшийн өсөлт бууралтгүй болохоор энэ зах зээл хөрөнгө оруулагчдын сонирхлыг огт татахгүй байна л даа.

Дээр нь манай бизнес эрхлэгчдийн хариуцлага, хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголт мэдлэг болоод компанийн засаглал маш дутмаг байна. Нээлттэй болж чаддаггүй. Нээлттэй хувьцаат компани болсноор бүх зүйл нь ил тод байх ёстой. Тайлан балансаа зөв гаргах учиртай. Хоёр тайлантай байх ёсгүй гэх мэт наад захын шаардлагууд үүсдэг. Үүнийгээ хэрэгжүүлэхгүй байна. Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын талаарх мэдээлэл ил тод бус, хаалттай байна. Тэгэхээр хөрөнгө оруулагчийн итгэл үнэмшил алга болж байна. Эндээс ороод хувьцаа аваад яах юм,  үнэн ч юм уу худал ч юм уу гэсэн байдлаар хүлээн авч байна. Манай хөрөнгийн зах зээл дээр хувьцаат компани гэсэн ойлголт явахгүй байна гэсэн үг. Хэрэв манай компаниуд нээлттэй, хувьцаа нь сайн арилжигддаг байвал гадна болон дотоодын хөрөнгө оруулагчид хэний хувьцааг авах, хаана хөрөнгө оруулалт хийх нь бүрэн нээлттэй байгаа.

Нэмээд хэлэхэд, манай хөрөнгийн зах зээл дээр хамгийн гайгүй бүтээгдэхүүн гэвэл Засгийн газрын үнэт цаас л байна. Долоо хоногт нэг удаа богино хугацаатай, мөн 14 хоногт нэг удаа урт хугацаатай үнэт цаасууд анхдагч зах зээл дээр гарч байна. Мөн хоёр дахь зах зээл дээр өдөр бүр арилжаа явагдаж байна. Идэвхитэй арилжаа гэвэл энэ л байна.

-Бизнес эрхлэгчдэд хямд эх үүсвэртэй мөнгө хэрэгтэй байна. Үүнээс хамаарч гадны банкийг оруулж ирэх асуудал хүчтэй хөндөгдөх боллоо. Ингэснээр дотоодын арилжааны банкуудад хүндрэл үүснэ хэмээн болгоомжилж байна. Хэрэв хөрөнгийн зах зээлийг тогтвортой хөгжүүлбэл зээлийн хүүг бууруулахад ихээхэн чухал нөлөө үзүүлэх учиртай. Энэ талаар та дэлгэрүүлэхгүй юу?

-Бизнес эрхлэгч талаас нь хараад үзье. Манай бизнесүүд арилжааны банкуудаас зээл авч байна. Мэдээж зээлийн хүү өндөр. Яагаад гэвэл банкууд хүнээс 16-17 хувийн хүүтэй татсан хадгаламж дээр ашиг, зардал зэргээ нэмээд буцаагаад зээл гаргахад 20 хувь гараад явчихаж байгаа юм. Иймээс арилжааны банкуудыг шууд буруутгахад хэцүү. Тэгвэл 20 гаруй хувийн хүүтэй зээлээс татгалзах боломж хөрөнгийн зах зээл дээр байна. Үүний тулд хувьцаат компани болж хувьцаагаа олон нийтэд санал болгож болж байна. Ямар ч хүүгүй мөнгө орж ирнэ гэсэн үг шүү дээ. Мэдээж эзэмшил чинь багасна. Үүн дээр нэг зүйлийг ойлгох ёстой. 10 төгрөгийн үнэтэй компанийг 100 хувь эзэмшиж байснаас тэр компанийг нээлттэй болгож, нэмэлт санхүүжилт татаж бизнесээ өргөжүүлээд 100 төгрөгийн үнэлгээтэй компани болгож 10 хувийг нь эзэмшихэд адилхан 10 төгрөгийн хөрөнгөтэй байна шүү дээ. Энийг л ойлгомоор байгаа юм. Дээрээс нь хөрөнгийн зах зээл дээр өөр ямар боломж байна гэвэл компаниуд бонд, үнэт цаас гаргах бололцоотой. Гэтэл манай хөрөнгийн зах зээл дээр компаниудын бонд гарахгүй байгаа. Өнгөрсөн жил “Эрчим Инженеринг” гэж нэг л компани бонд гаргасан. Жилийн 18% хүүтэй, 6 сарын хугацаатай. Худалдан авах захиалга санал болгосон үнэт цааснаас 4 дахин их байсан. Энэ юуг харуулж байна вэ гэвэл дотоодын зах зээл дээр тогтмол хүүт үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийх сонирхол байна л гэсэн үг. Саяхан “Хүннү эйр” компаниас хаалттай хүрээнд бонд гаргасан байсан. Тэгэхээр боломж нь байгаа юм.

– Манай зах зээл дээр тогтмол хүүтэй үнэт цаасны арилжаа хэр явагддаг вэ?

Засгийн газрын үнэт цаасны арилжаа хамгийн сайн явагдаж байна. Яагаад гэвэл Засгийн газрын үнэт цаас нь хамгийн эрсдэлгүй үнэт цаас байдаг. Мөн одоогоор хөрөнгийн зах зээлд хамгийн өндөр өгөөжтэй байна. Өнөөгийн байдлаар Засгийн газрын бонд жилийн 17 хувийн хүүтэй байна. Жишээ нь маргааш /өнөөдөр/ арилжаалах бонд гэхэд хоёр жилийн хугацаатай жилийн 18 хувийн хүүтэй. Мөн зургаан сарын хугацаатай жилийн 17.6 хувийн хүүтэй бонд арилжаалж байна. Үүний захиалга өндөр байгаа. Иргэд эндээс худалдан авч ашиг хүртэх сонирхол байна гэсэн үг. Тэгэхээр эндээс иргэд мөнгөтэй, хөрөнгийн зах зээлээс бүтээгдэхүүн худалдаад авах боломж байгаа нь харагдаж байна. Тиймээс эхний ээлжинд бид компаниудын бондыг гаргах хэрэгтэй. Жишээ нь компаниуд арилжааны банкуудаас жилийн 24 хувийн хүүтэй зээл авсны оронд 20-22 хувийн хүүтэй бонд гаргах хэрэгтэй. Иргэд мөнгөө арилжааны банкинд 17-18 хувийн хүүтэй хадгалуулснаас өндөр хувийн хүүтэй бонд худалдан авч болно гэсэн үг. Энэ мэтээр аль аль талдаа боломж нь байгаа.

-Компаниуд яагаад бонд гаргахгүй байна вэ?

Яагаад гарахгүй байна гэвэл шалгуурууд нь өндөр байна. Мөн компаниудад энэ талын мэдлэг хомс. Бонд гаргалаа. Хэн худалдаж авах юм, тийм хөрөнгө оруулагч байгаа ч юм уу гэсэн байдлаар хүлээж авдаг. Гэтэл дотоодын зах зээл дээр хөрөнгө оруулагчид байна гол нь итгэл үнэмшлийг нь төрүүлж, бизнес төслөө бусдад, хөрөнгө оруулагчдад танилцуулж чадахгүй байна. Компанийхаа бүх зүйлийг нууцлах сонирхолтой өндөр байна.

– Дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд эхлээд ямар алхам хийвэл зөв вэ?

Миний бодлоор хөрөнгийн зах зээл дээр тогтмол хүүтэй үнэт цаасыг эхлээд бий болгох хэрэгтэй. Яагаад гэвэл хүмүүс мөнгөө банкинд хадгалуулаад сурчихсан. Мөнгөө хадгалуулаад жилийн хэдэн хувийн тогтмол хүү авна гэдгийг бүгд мэднэ. Хадгаламжийн тухай боловсрол мэдлэгтэй гэсэн үг. Тэгэхээр хадгаламжтай адилхан хувь хүртэх боломжтой тийм үнэт цаасыг хөрөнгийн зах зээлд бий болгох хэрэгтэй. Тийм зан төлөвтэй байгаа хэрэглэгчдийг эхний ээлжинд хөрөнгийн зах зээл рүү чирч оруулах боломжтой юм гэж харж байна. Дараа нь санхүүгийн үүсмэл хэрэгслүүд гэх мэт бусад санхүүгийн хэрэгсэл рүү нь орж болно. Иймээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлье гэвэл тогтмол хүүтэй үнэт цаасныг зах зээлд сайн нэвтрүүлэх хэрэгтэй юм болов уу гэж боддог. Энэ тал дээр зохицуулах байгууллага, мэргэжлийн оролцогч талууд түлхүү анхаарч ажиллах хэрэгтэй байх.

-Санхүүгийн зохицуулах хороо, брокер диллерын компаниудын чадавхи ямар байна вэ?

-Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийг журмалсан янз бүрийн шийдвэрүүдийг гаргаж байгаа. Хууль журман дээр болохгүй бүтэхгүй гэсэн зүйл одоогоор байхгүй. Харьцангуй гайгүй. Зохицуулах хорооны хувьд илүү хурдтай л ажиллахыг шаардах хэрэгтэй байгаа даа. Нэг зөвшөөрөл хүсээд хагас жил хариугаа авч чаддаггүй байж болохгүй л дээ. Энэ хугацаанд зах зээлд их өөрчлөлд гарч болно. Хөрөнгө оруулагчдын сэтгэл хувирна. Мөн дээр дурьдсан даа үнэт цаас гаргах шалгуур өндөр байдаг гэж. Шалгуураа уян хатан болгох, жижиг, эрсдэлийн түвшин бага үнэт цаасыг арилжих боломжийг нээж өгөх хэрэгтэй. Брокер диллерын компаниудын хувьд бүхэл боломжоо дайчлан ажиллаж байгаа гэж боддог. Тэд хөрөнгө оруулагчийг авах гэж байгаа юмыг зах зээл дээрээс нь авч өгдөг, зарах гэж байгаа зүйлийг борлуулж өгдөг үүрэг л гүйцэтгэж байгаа шүү дээ. Тиймээс хөрөнгө оруулагч, худалдагч нь байхгүй болчихоор ихээхэн бэрхшээлтэй тулж байгаа байх.

-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хөрөнгийн зах зээл рүү оруулж, уг салбарыг идэвхижүүлэхэд томоохон түлхэц үзүүлэх боломжтой тухай хэлдэг. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Нийгмийн даатгалын санг хөрөнгийн зах зээл рүү оруулах хэрэгтэй гэдэг их зөв санал юм. Олон улсын жишигт нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг тэтгэврийн сан ч юм уу, хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд удирдаж байна. Тэд тухайн сангуудын мөнгийг хамгийн үр ашигтайгаар хөрөнгө оруулалт хийх замаар ашигтай удирдсанаар урамшууллаа хүртдэг, тэр хэмжээгээр сангийн мөнгө өсөж үнэ цэнээ алдахгүй хадгалж байдаг. Манай дээр нийгмийн даатгал, тэтгэврийн сангийн мөнгө гэж байдаг. Үүнийг арилжааны хэдэн банкинд байршуулж байгаа юм. Мэдээж арилжааны зарчмаар жилийн 17-18 хувийн хүү боддоггүй байх. Тэгэхээр үүнийг менежментийн компаниудад жижиглэж хувааж өгөх байдлаар ажиллуулбал бүрэн боломжтой. 2013 онд Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсан. Тэр хуулиар бүх эрхзүйн орчин бий болсон. Хөрөнгө оруулалтын сан байгуулах боломжтой болсон. Жишээ нь саяхны Санхүүгийн зохицуулах хорооны хурлаар нэг компани хөрөнгө оруулалтын менежментийн эрх авсан. Одоо зах зээл дээр 14 менежментийн компани бий болчихсон явж байна. Тэр компаниуд хөрөнгө оруулалтын сан байгуулаад сангаа удирдаж хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үг. Тэгэхээр одоо байгаа 14 компанидаа сонгон шалгаруулалт явуулж нийгмийн даатгалынхаа тодорхой хувьд менежмент хийлгэж болно. Хэрэв муу ажиллабал ирэх жил өөр компанид өгдөг. Ингэснээр сан удирдахын тулд зөв зүйтэй ажиллаж таарна. Одоо жишээ нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл гэж байна. Найман хувийн хүүтэй. Хэдийгээр бага хүүтэй мэт боловч жижиг дунд үйлдвэрлэгчдэд бас л дарамт байхгүй юу. Үүний оронд хөрөнгө оруулалтын сан байж болж байна. Компаний 20-30 хувьд нь хөрөнгө оруулалт хийдэг. Тэгээд тухайн компанийн менежментэд тусладаг. Өсгөж өгдөг, буцаагаад 3-5 жилийн дараа бизнесээсээ гардаг. Тэр хугацаанд нөгөө бизнес нь томорчихдог. Ингээд гарахад хувь эзэмшил нь үлддэг. Ингэж чиглүүлж ажиллах боломжтой.

-Хувьцаа худалдан авагчдыг хэрхэн чадавхижуулах, мөн гадны хөрөнгө оруулагчдыг татахад яах хэрэгтэй вэ. Манай иргэд хувьцааны үр шимийг төдийлөн мэдэхгүй байна?

-Гадны хөрөнгө оруулагчид манай зах зээлийг сонирхдог. Гэхдээ мэдээлэл хомс, хаалттай байдаг. Мөн итгэл байдаггүй. Саяхан манай брокер диллерын нэг компани гадагшаа яваад хөрөнгө оруулагчтай уулзаж манай зах зээл дээр ийм бүтээгдэхүүн байдаг хэмээн танилцуулахад “танайд тийм юм байдаг юм уу” гэсэн байдлаар асуудалд хандаж байгаа юм. Bloomberg зэрэг гадны хөрөнгө оруулагчдын мэдээлэл авдаг гол сувгуудаар Монгол тухай явахгүй байна л даа.

Иргэдэд санхүүгийн боловсрол олгох, иргэдийг хөрөнгийн зах зээл рүү татан оролцуулах шаардлагатай. Энэ чиглэлээр манай Зөвлөл ажиллаж байна. Зөвлөгөө сургалтууд зохион байгуулах гэж байна. Иргэдэд хөрөнгийн зах зээл дээрээс ямар бүтээгдэхүүн авч болох, бизнесүүдэд санхүүгийн шийдлүүдийг нь гаргаж өгч байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s