Залуу (бүсгүй) та дөнгөж 30 хүрч байгаа юунд ч санаа зоволтгүй залуу халуун нэгэн байж болно. Гэхдээ эдийн засгийн утгаар нь харвал та тэтгэвэрт гарах насныхаа талд нь хүрчихжээ гэдгээ мартаж болохгүй. Иймээс 30 насандаа өөрийн болгосон байх шаардлагатай санхүүгийн 7 чухал сургамжийг Invesopedia онцолсныг Монголчлон найруулж товчлон хөрвүүлэв.

1. Төсвөө жинхэнээсээ дага
Өнөө үеийн хорин хэдэн настай залуусын ихэнхи нь хувийн төсөв санхүүгээ төлөвлөх гэж ямар нэг байдлаар оролдсон байх нь бий. Та ч бас энэ талаар зарим нэг ном, зөвлөгөө уншсан, бусдын үгийг сонссон эсвэл иймэрхүү зориулалттай гар утасын апп татаж авч туршиж үзсэн л байх. Гэхдээ ингэж гаргасан төсвөө яг үнэндээ ягштал баримталдаггүй нь энэ насныхны онцлог гэхэд болно.
Харин одоо та нэгэнт 30 гарсан иргэн болчихож байгаа болохоор асуудалд арай нухацтай хандах цаг боллоо. Хаанаас хэдэн төгрөг олж юунд зарцуулахаа нэг бүрчлэн төлөвлөж хамгийн гол нь тэрхүү төсвөө ягштал баримтлахаас их зүйл шалтгаална. Жишээ нь та 7 хоногт кофенд 15 мянган төгрөгөөс илүү зарцуулахгүй гэж төлөвлөсөн бол Café Bene юмуу Tom’n Toms –оор гурваас олон ороод хэрэггүй л гэсэн үг.

2. Олсон бүхнээ битгий үр
Дэлхийн хамгийн баян хүмүүсийн маргаангүй нийтлэг шинж нь тэд олсон бүхний зарцуулалгүй хуримтлуулж өсгөж ирснээр өнөөгийн түвшиндээ хүрчээ. Томас Стэнлигийн “Хажуу хаалганы саятан” номд бичсэнээр өөрөө саятан болсон ихэнхи баячууд дундаж үнэтэй байранд амьдарч, хуучин машин унаж даруухан амьдардаг ажээ. Харин үнэтэй машин, тансаг хувцас хэрэглэл зэрэгт гар татдаггүй баячуудын хөрөнгө дундарч өр нь нэмэгдэх хандлагатай байдаг хэмээн уг номын зохиогч нотолсон байна.
Хуримтлал, ирээдүйдээ хандсан хөрөнгө оруулалт хийхийн тулд та өнөөдөр заавал хангалттай ихийг олдог байх албагүй харин зөв хандлага тэмүүлэлтэй байх л хэрэгтэй. Жишээ нь орлогоосоо 10 хувийг автоматаар хуримтлалын дансруугаа шилжүүлдэг байхад та тэр хэмжээний мөнгө байгаагүй юм шиг л хэвийн амьдарч болно. Харин төсвөө зөв баримталж, орлого нэмэгдэх хэрээр энэ хувиа нэмэгдүүлэх хэрэгтэй.

3. Санхүүгийн зорилгодоо бодитой ханд
Таны санхүүгийн зорилго юу вэ? Энэ талаар нухацтай бодож үзсэн үү? Үнэндээ санхүүгийн зорилго гэж юу болох талаар хэр мэдэх вэ? Санхүүгийн зорилго гэдэг бол хэзээ нэгэн цагт учиргүй их мөнгөтэй болох тухай мөрөөдөл биш ойрын болон хэтийн хугацаанд амьдрал ахуйдаа ямар өөрчлөлт гаргах тухай цаг хугацаатай, хэмжигдэхүйц, бодитой төлөвлөлт юм. Тиймээс Италиар аялах хүсэлтэй бол дэмий мөрөөдөж суугаад яахав төсөв мөнгөө төлөвлөөд зорилго болгох хэрэгтэй.

4. Сурахад зориулсан хөрөнгө оруулалтаа судла
Баруунд бол залуус коллеж, дээд сургуульд сурахдаа сургалтын төлбөрөө зээлээр авч ажлын талбар дээр гарсан хойноо төлж эхэлдэг тул 30 нас гэдэг тэрхүү зээлийнхээ үр ашгийг тооцож суудаг нас. Харин манай улсад 2016 онд эхэлсэн оюутны хөгжлийн зээл хөтөлбөрөөс өөрөөр залуучууд сурах зориулалтаар урт хугацааны зээл авч өөрсдөө эргүүлж төлж байсан практик ховор юм. Манай залуус ихэвчлэн (улсын зээл, тэтгэлгийг эс тооцвол) эх эцгийнхээ мөнгөөр эсвэл тэдний авсан зээлээр наад тал нь 4 жил цаад тал нь 10 жил сурдаг. Гэвч энэ нь тэр мөнгө бол зүгээр олдсон үнэгүй мөнгө гэсэн үг биш билээ. Иймд бакалавр, магистр цаашлаад доктор болтол сураад ажил төрөл хийж эхлээд байгаа 30 настны хувьд боловсролдоо оруулсан хөрөнгө оруулалтыг тооцож үр өгөөжийг нь гаргах цаг нэгэнт болжээ.

5. Зээлийн нөхцөл байдлаа хяналтандаа ав
Манай 30 настнууд их хэмжээгээр зээлжсэн байх нь бий. Зарим нь аль хэдийн амьдрал зохиож орон сууцны зээл авсан, зарим нь автомашины лизингтэй, үгүй ядахдаа зээлийн гэрээгээр iPhonе аваад барьчихсан л байгаа. Тиймээс өр зээлийн удирдлагаа гартаа авч ажлаасаа гарах, хөдөлмөрийн чадвараа түр алдах эх мэт аливаа асуудал гарахад хүнд байдалд орохгүй байхаар хянаж эхлээрэй. Зээлийн мэдээллийн тогтолцоо манай улсад хэдийн нэвтэрч хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ талаар мэдлэгтэй байх нь чухал. Өдий насандаа зээлээ хугацаанд нь төлж чадахгүй найдваргүй зээлдэгчийн жагсаалтад орвол цаашид олон жилийн турш тааламжтай нөхцлөөр зээл авах, санхүүгийн аливаа харилцаанд ороход тань сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

6. Эрсдлийн үеийн сан үүсгэ
Санхүүгийн эрүүл байдал, амьдралын баталгаагаа хангах нэг чухал хэрэгсэл бол даатгалаас гадна хүнд үед ашиглах зориулалттай эрсдлийн сан буюу хуримтлал үүсгэх юм. 20-иод насанд бол зөвхөн өнөөдрөөрөө амьдарч маргаашийнхаа төлөө огт санаа зовохгүй амьдарч болдог байх. Харин 30 насанд бол…

7. Тэтгэвэрт гарна гэдгээ битгий мартаарай
Хорвоогийн жамаар өндөр насны тэтгэвэртээ суух өдөр ирэхэд санхүүгийн хувьд сэтгэл хангалуун байх эсэх тань өнөөдөр хэрхэн бэлдэхээс хамаарна. Хөгшрөхөөсөө өмнө гэнэт баяжиж их мөнгө хураах тухай бодлууд ихэвчлэн хоосон мөрөөдөл төдий өнгөрөх нь бий. Харин 30-40 жилийн турш зөв төлөвлөж тасралтгүй төлсөн тэтгэврийн даатгалын дүнд өнөөгийн хөгжингүй орны хөгшчүүд шиг дэлхийгээр аялсан шиг суух бүрэн боломжтой.

А.Батпүрэв | “Амьдралын Санхүү” номын зохиогч
Жич; Төсөв гаргах, хэрэгжүүлэх, санхүүгийн зорилгодоо яаж хүрэх болон өрийн удирдлагын талаар дэлгэрэнгүй зөвлөмжийг удахгүй хэвлэлтээс гарах Амьдралын санхүү номын I бүлгээс авч болно.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s